Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сургууль, багш нарын гарт хүүхдээ даатгаад, санаа амар суудаг цаг даанч өнгөрчээ, хүүхдүүдийн хичээл онлайн хэлбэрт шилжсэн ч эцэг эхчүүдийн оролцоо, хяналт, тусламж, гарцаагүй нэхэгдэх шинжтэй.  Хүсвэл хийлгэхгүй байж болох ч зөнд нь орхивол зурагт, компьютерын дэргэдээс салахгүй нь ойлгомжтой.  Хичээлийн шинэ жил эхэлтэл таван сар байна. Энэ хугацаанд хямарч бухимдалгүй, хүүхдүүдтэйгээ хэрхэн үр дүнтэй ажиллах вэ?  Энэ асуудлаар туршлагатай ээж Мелани-тай ярилцлаа.

Одоогоос долоон жилийн өмнө том ихрүүд сургуульд орох үеэр, хүүхдүүдээ сургуульд өгөлгүй гэрийн хичээл хийлгэж, их том зориг гаргаж байсан үе бидэнд байдгийн. Ердөө гурван сар  үргэлжилсэн ч тэр хугацаанд хүүхдүүд чамгүй зүйлийг сурч, тэдэнтэй ажиллах арга барилаа олж, зүгширч эхэлж байсан санана. Хамгийн гол нь хүүхдээ таньж мэдэн, яг өөрт нь тохирсон арга барилаар хамтран ажиллах, хөгжүүлэх асар их боломж байдгийг дөнгөж амсаж, ойлгож байснаа мартдаггүй юм. Хичээл сургууль хаагдаж, хөл хорионд орсон энэ үед гэрийн сургууль хийж байсан  үе эрхгүй санаанд бууж байна. Сургууль, багш нарын гарт хүүхдээ даатгаад, санаа амар суудаг цаг даанч өнгөрчээ, хүүхдүүдийн хичээл онлайн хэлбэрт шилжсэн ч эцэг эхчүүдийн оролцоо, хяналт, тусламж, гарцаагүй нэхэгдэх шинжтэй.  Хүсвэл хийлгэхгүй байж болох ч зөнд нь орхивол зурагт, компьютерын дэргэдээс салахгүй нь ойлгомжтой.  Хичээлийн шинэ жил эхэлтэл таван сар байна. Энэ хугацаанд хямарч бухимдалгүй, хүүхдүүдтэйгээ хэрхэн үр дүнтэй ажиллах вэ?  Энэ асуудлаар туршлагатай ээж Мелани-тай ярилцлаа.

Мелани.К нөхөр Ж.Мөнгөнхэт дөрвөн хүүхдийн хамт Монголд 20 жил ажиллаж амьдарсан. Хүүхдүүдээ Монголд төрүүлж, өсгөн, гэрийн сургуулиар боловсрол эзэмшүүлж яваа туршлагатай ээж. Өнгөрөгч онд гэр бүлийн хамт АНУ-д сууршихаар нүүн ирж, Саут Дакота мужид амьдарч байна. Монголд байх хугацаанд “10 хүүхэд, 2 ээж” нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер, “MNB World” төслийн зөвлөх, “Үнэт Өв” продакшны удирдах зөвлөлийн гишүүн зэрэг албыг хашиж байсан.

Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Шинэ газар хэр дасч байна? Монголоо санаж байна уу?

Сайхан хаваржиж байна аа, Монголоо маш их санаж байна? Гэр бүл зохиож байсан, үр хүүхдүүдээ өлгийдэн авч байсан амьдралын минь бүхий л нандин мөч, ажлын хамт олон, найз нөхөд гээд санах дурсах зүйл тэнд их бий.

Та ажлынхаа хажуугаар, дөрвөн хүүхдүүдийнхээ хичээл сургуулийг хийлгэнэ, энэ бүхнийг яаж амжуулж байна?

Одоогийн байдлаар би гэхээс илүү манай нөхөр гэрээр ажиллангаа хүүхдүүдтэй ойрхон байж, хичээл номыг нь хийлгэж байгаа. Гэхдээ өмнөх үеэ бодвол илүү хялбар болсон. Нүүж суухтай холбоотой, хүнд ном дэвтэр нааш нь зөөхгүйн тулд онлайн хичээл сонгоод хийлгэж байна. Хүүхдүүдийн хийсэн даалгаварыг комьпютер өөрөө шалгадаг болохоор даалгавар шалгах ажлаас чөлөөлөгдөөд их амар байгаа. Гар утаснаас хичээлийн явцын мэдээллийг тогтмол шалгаад байж болно. Ер нь их энгийн болсон.

Өнөөдөр АНУ-д хичээл сургууль хаагдаж, онлайн хэлбэрт шилжин, давхар эцэг эхчүүдийн хариуцлага, хяналт нэмэгдэж, гэрийн сургуультай ялгаагүй болж байх шиг байна. Олон жил гэрийн сургууль хийж байгаа ээжийн хувьд эцэг эхчүүдэд хандан та ямар зөвлөгөө өгөх вэ?

Сургуулийн хичээл онлайн хэлбэрт шилжсэнээр, хүүхдүүд хичээлдээ бүрэн хамрагдахгүй, шинэ нөхцөл байдал учраас, хаа хаанаа арга барилаа олохгүй байгаа тал ажиглагдаж байгаа. Гэхдээ энэ түр зуурын нөхцөл байдал учраас удахгүй дасан зохицох эсвэл хэвийн байдалдаа орох биз дээ. Эцэг эхчүүдийн хувьд хэрвээ цаг завтай, хүүхэдтэйгээ ажиллах боломж бүрдэж байгаа бол заавал дэвтэр ном, нэмэлт хөтөлбөр гэлгүйгээр зүгээр л ном уншиж өгч байхад тэр өөрөө асар том боловсрол олгож байдаг.  Ялангуяа 5-р ангиас доош насны хүүхдүүдэд ном уншиж өгөх нь туйлын хангалттай. Бид нар Монголд байх хугацаанд Дарханаас Улаанбаатар  руу нүүж ирэх хооронд хоёр сарын хугацаанд хэсэг завсрын байдалтай байсан маань санаанд орж байна. Түр зуур өөр байранд нүүгээд орчихсон, Улаанбаатар нүүх үү, үгүй юу гэдэг тодорхойгүй, миний бие бас тааруу, хүүхдүүд  бүгд 10 наснаас доош, хичээл номыг нь хийлгэмээр байдаг, яах учраа олохгүй хэцүү үе байсан. Тэр үед нэг найз маань утасдаад “Зүгээр ном унш, бүх хичээлийн дэвтэр номыг нэг хайрцганд хийгээд тавьчих” гэж зөвлөж билээ. Энгийн хэрнээ үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байсан.  19 цувралтай, хүүхдийн ном хоёр сарын хугацаанд уншиж өгсөн, ёстой зүгээр л ном уншиж өгч байлаа. Тэр хугацаанд хүүхдүүд маш их зүйл сурсан байсан. Үнэхээр ямар ч ном дэвтэр ашиглаагүй, адал явдалтай хүүхдийн зохиол л уншсан. Тэр сонирхолтой үйл явдал, агуулгаас хүүхэд их юм сурахаас гадна, төсөөлөн бодох чадвар, үгийн баялаг их хөгждөг, хүүхэд өөрийгөө илэрхийлж сурах чадвар маш ихээр дээшилдэг юм билээ.  

Та өөрөө уншиж өгсөн гэж ярьж байна. Хүүхдээ ном унш гээд шахах биш өөрөө бариад хамт унших нь ээ?

Тиймээ, ихэнх хүүхэд унш гэсний зоргоор уншихгүй, өөрөө л хамт сууж унших хэрэгтэй болдог. Эхлээд хамт уншина яваандаа хүүхэд номонд дуртай болоод ирэхээр өөрөө уншдаг. Би чангаар дуудаж, ном уншихдаа сайнгүй байсан. Уншаад байж бол чадна гэхдээ  дуу хоолойн өнгөө өөрчилж, жүжигчилж уншихдаа тааруухан байлаа. Бага багаар хичээсээр сайжирдаг юм билээ. Том охин 10 настай байсан санаж байна. Унших хичээлийн түвшин тогтоох шалгалтын дүн жаахан доогуур гарсан юм. Тэр зунжингаа хоёулаа ном уншсан. Өөрөө уншаад, хамт уншаад, ихэвчлэн би уншиж өгсөн. Яг хуваарьтай юм шиг уншсан. Ердөө гуравхан сарын хугацаанд унших хичээл дээрээ хоёр ангиар ахисан үзүүлэлттэй үнэлгээ авч байсан. Ээж аав нь хүүхдэд ном уншиж өгнө гэдэг үнэхээр үр дүнтэй. Ялангуяа ийм түр зуурын нөхцөлд бол заавал хичээлийн хөтөлбөр гэлгүй, ном уншиж өгч байгаарай гэж зөвлөмөөр байна.

Та ер нь яагаад анхнаасаа хүүхдүүдээ гэрээр сургая гэдэг шийдэлд хүрсэн юм бэ? Гэр сургуулийн давуу талыг тайлбарлаж өгөөч?

Гэрийн сургуульд маш олон давуу тал бий.  Цагт баригддаггүй, хүүхдүүд тухайн өдөртөө хийх ёстой хичээлээ хийсэн бол бусад цагт завтай, дуртай зүйлээ хийж болдог, дугуйлан, клубт хамрагдана. Зарим тохиолдолд урлаг, спортын чиглэлээр бүр нарийн мэргэшиж, илүү олон цагаар хичээллэх шаардлагатай хүүхдүүд гэрийн сургуулийг сонгодог. Гэр бүлээрээ аялалд явж болдог. Ажил хийж болдог. Том хүү маань өглөөд ажил хийгээд үдээс хойно хичээлээ хийх жишээтэй. Цагийн хувьд уян хатан. Нөгөөтэйгүүр хүүхдүүдээ нэг бүрчлэн таньж мэдэх боломж олгодог. Энэ хүүхдэд юу хэрэгтэй юм гэдгийг олж мэдэх боломжтой. Яаж заавал ямар арга барилаар тулвал хүүхэд хичээлээ илүү ойлгох вэ гэдгийг олж хардаг. Хүүхдийнхээ нөхцөл байдлыг ойлгосны дараа тухайн хүүхэддээ тохируулж хичээлийн хөтөлбөрөө боловсруулж болно. Америкад ирээд хоёр сар улсын сургуульд багшилж үзсэн. Ялгаа байхгүй нэг ангид 20-30 хүүхэдтэй. Тэдгээр хүүхдүүдийн дунд анхаарлаа хичээлдээ төвлөрүүлж, бичиж тэмдэглэж байгаа хүүхэд их цөөхөн байсан. Гэрийн сургуулийн тухайд цаанаас нь даалгавар өглөө бол тэр даалгаварыг хийхгүй бол өөр хийх хүн байхгүй, хүүхдийн хувьд яг анхаарлаа хандуулж хичээлээ хийж байж л шат ахина гэдгийг илүү ухамсарласан байдаг.

Гэрийн сургуулиар явсан хүүхэд олон нийттэй харилцах тал дээр хязгаарлагдмал, нийгмээс тусгаарлагдах хандлага ажиглагддаг гэж үздэг хүмүүс байдаг, энэ тал дээр таны бодол? 

Өмнө нь сургуульд явж байгаад дундаас нь гэрийн сургууль болгож өөрчлөхөд хүүхдэд хүнд тусдаг байж магадгүй. Эхнээсээ гэрийн сургуулиар явсан хүүхдүүдийн хувьд тийм байдал ажиглагддаггүй, тэртээ тэргүй найз яаж бий болдог, хаана очвол найз байх уу, ямар хүмүүстэй найзлах уу гэдгийг аль хэдийнээ ойлгосон байдаг. Их нүүрэмгий хэнтэй ч яриа өрнүүлж чаддаг, ээж аавынхаа хажууд, ихэвчлэн насанд хүрсэн хүмүүсийн дунд байгаа болохоор илүү ч нийгэмших байдал ажиглагддаг. Би өөрөө ч гэрийн сургуулиар боловсрол эзэмшсэн. Найзгүй байж үзээгүй. Гэрийн сургууль хийснийхээ төлөө юмнаас хоцорч үзээгүй. Сургуулиар явуулж байгаад дундаас нь гаргасан тохиолдолд хүүхдүүд хэсэг ганцаардал мэдрэх, найз нөхдөө санах явдал гарч болохыг үгүйсгэхгүй.

Дөрвөн өөр насны, дөрвөн өөр хүсэл сонирхол, арга барилтай хүүхдүүдтэй ажиллах, нэг бүрчлэн анхаарал тавихад ер нь ямар арга барил чадвар хэрэг болдог вэ?

Надад ямар нэгэн шилдэг арга барил гэж байхгүй. Үүнийг би ганцаараа хэзээ ч хийж чадахгүй байсан. Энэ бүхнийг би ганцаараа хийх ёстой юу гээд бухимддаг үе байсан. Нэг өдөр нөхөртэйгээ  хоёулаа сууж байгаад яг албан газрын хурал шиг, баг хамт олонтойгоо ярилцдаг шиг, надад ийм санаа байна, чи юу гэж бодож байна гээд ярилцсан.  Энэ бол ганц ээжийн ажил биш, эцэг эх хоёулаа хүүхдүүдийнхээ боловсролын төлөө хамтарч ажиллах ёстой юм байна гэдгийг бид ойлгосон. Хүүхдүүдийнхээ нөхцөл байдлыг хоорондоо ярилцаад, энэ хичээл дээр гүнзгийрээд ирэхээр хэцүү байх шиг байна, яаж явбал зүгээр вэ гэхчлэн одоо ч гэсэн яг ажлын уулзалт шиг ярилцдаг. Төлөвлөгөө гаргаад явдаг. Мэдээж дандаа биш шүү дээ. Ялангуяа хүүхдийн боловсролын асуудал ээж нар дээр их буудаг. Гэрийн сургууль биш байсан ч ялгаа байхгүй, зөвхөн ээжүүдийн үүрэг юм шиг боддог. Гэтэл тийм биш, аавд бас боломж олгох хэрэгтэй. Аав бол аав шүү дээ, аавын байдлаар заана. Тэр болгонд нь ингэх ёстой, тэгэх ёстой гэж өмнүүр нь оролгүй, зүгээр өөрт нь үлдээх хэрэгтэй юм билээ. Хүмүүс маш их асуудаг, яаж амжуулдаг юм бэ гэж, би амжуулж чаддаггүй, олон зүйлийг мартдаг орхигдуулдаг, яг л бусадтай адилхан бүгдийг нэг дор амжуулж чадахгүй. Нөхрөөсөө маш их тусламж авдаг. Мэдээж эхэндээ амар биш, гэхдээ эцэг эхчүүд аливаа асуудалд хамтдаа анхаарлаа хандуулж бас оролдоод үзвэл, хийгээд үзвэл яваандаа амархан болдог.

Онлайн хичээл дотроо мэдээж олон төрлийн сонголт байдаг байх? Та өөрийн сонгосон хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

Өмнө нь ганц нэг хичээл онлайн хэлбэрээр авч, ихэвчлэн гэрийн сургуульд ашигладаг, дэвтэр, номтой, цаанаасаа бэлтгэгдээд ирдэг тийм хөтөлбөрөөр явдаг байсан. Саяхнаас онлайн бүтэн хөтөлбөр сонгож, ашиглаад явж байна. Бидний сонгосон хөтөлбөр нэг хүүхэд зургаан хичээл сонгож болдог. Бага ангийн хүүхэд бол ойлгомжтой англи хэл, математик гээд үндсэн хичээлээ сонгоод явчихна. Зургаан хичээл нэг дор үзэх албагүй, нэг нэгээр нь үзэж болно. Нэг хичээлээ дуусгаад дараагийн хичээл рүү орсон ч болно. Хичээлийн дүн, шалгалтын оноо хадгалагддаг. Дотроо календартай, өдөрт 2-3 цаг сууж хичээлээ хийнэ. Гэхдээ нэг дор удаан суух шаардлагагүй. Харин  шалгалт бол амаргүй, хүүхдүүд шалгалт дөхөөд ирэхээр нэлээд сандардаг. Тэрийг эс тооцвол их амархан хөтөлбөр, хэрэглээнд их энгийн. Онлайн биш хөтөлбөрүүд бас байдаг, багц худалдаж аваад хүүхдүүдтэйгээ ажиллана. Цаасан материалын хувьд ээж аавын оролцоо маш их байдаг. Гэхдээ академик боловсрол бол бас бүх зүйл биш шүү дээ. Хүүхдүүдийнхээ төлөвшил, зан чанар, хүн хүнтэй харьцаж сурах, хүний дор ажиллах, дээр ажиллах гэж юу байдаг, мөнгө яаж олдог, олсныгоо хэрхэн зарцуулах гээд энэ амьдралд гарцаагүй нүүр тулдаг олон асуудлын тухайд ярилцаж, хүүхдүүдээ бэлдэж байх ёстой гэж боддог. Хэн нэгэнтэй зөрчилдөнө гэдэг муу зүйл биш, зөрчил байсан ч тухайн асуудлаар хоорондоо ярьж болдог. Яриан дундаа эв зүй, арга замаа олж болдог юм байна гэдгийг ойлгуулах, тэр үлгэр дуурайллыг эцэг эхчүүд бид өөрсдөө өгөх ёстой байх. Дан академик биш хүүхдийн хүмүүжил төлөвшийн асуудлыг бид бас орхигдуулахгүйг хичээдэг.

Хүүхдүүд нь нэг үеэ бодвол том болцгоожээ. Өсвөр насны хүүхдүүдтэй ажиллах онцлогийн тухайд?

Бага охин 10 настай, дээшээ өсвөр насны гурван хүүхэд байна. Том хүү удахгүй 18 хүрнэ. Хүүхдүүдээ бага балчир байх хугацаанд дэргэд нь байж, тэдэнтэйгээ илүү цаг өнгөрөөж чадсандаа үргэлж баярладаг. Бололцоотой учраас гэртээ суугаад байсан гэж битгий ойлгоорой, ихэнхдээ гэрээсээ ажиллаж, цөөн цагаар гадуур ажиллаж, мөнгө санхүү олох бусдын л адил гэртээ нэмэр болох гэж хичээдэг байсан. Гэхдээ үнэхээр их цаг авсан, хүүхдүүддээ цаг гаргаж чадахгүй болох тийм ажлуудаас бол татгалздаг байсан. Хэд хэдэн газраас өндөр цалинтай ажил санал болгож эргэлзэхэд хүрч байсан үе ч бий. Тэр үед одоо цаг нь биш, 10 жилийн дараа байж болох юм гэж боддог байлаа. Цаг хугацаа их хурдан юм даа. Би хүүхдүүдээ жаахан байх үед, тэднийхээ дэргэд байхыг сонгосон учраас өнөөдөр хүүхдүүд маань өсвөр насанд ирсэн ч санаа зовох зүйл багатай, сайн сайхан явж байна даа гэж итгэдэг. Өсвөр насны хүүхдэд цаг гаргана гэдэг бага насны хүүхдэд цаг гаргахаас үнэхээр өөр байдаг юм байна. Том хүү маань саяхан машин барих үнэмлэхээ авсан. Хамт машин барих, хажууд нь суугаад заах, зэргээр цаг гаргана. Саяхан энд нэг хоолны газар хүүтэйгээ хамт хэсэг ажиллаж үзлээ. Тэр мөчийг би хэзээ ч мартахгүй. Нэг газар хамт ажиллаад, хамт цалингаа аваад найз нөхөд шиг, тэр хэсэгхэн хугацаа надад их өвөрмөц санагдсан. Хүүгээ сайн сайхан том хүн болж байгаад нь маш их талархдаг.

Хүүхдүүдийн хувьд шинэ орчин нөхцөлд хэр зэрэг дасч байна?

Найз нөхдөө санах, дассан сурсан газраа орхих гээд тэд олон зүйлийг золиослоод ирсэн. Шинэ орчинд дасах гэж хичээж байсан үе, коронавирус зэрэгцээд гэрээсээ ч гарч чадахгүй амаргүй үеийг туулж байх шиг байна. Ийм үед дотогшоо биш гадагшаа харсан нь дээр байдаг шүү дээ. Хүнд хэцүүг туулж байгаа хүмүүст боломж хэрээрээ тусалья гэж хүүхдүүддээ уриалж байгаа. Одоо миний ажиллаж байгаа газар олон нийттэй харилцдаг, ихэвчлэн цагаач, дүрвэгч иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Тэдгээр үйлчлүүлж байгаа иргэдэд зориулсан, хоол хүнсээр дүүрэн, хэрэгтэй хүмүүс нь авч болдог нэг тавиур байдаг юм. Сүүлийн үед харин хоосон харагдах болсон. Энэ тухай бага охиндоо хэлээд хоёулаа дэлгүүр орж, өөрөөр нь сонголт хийлгэн жоол зугаа юм авч тавьсан. Охин маань “Хэрэгтэй зүйлээ аваарай” гэж бичиж үлдээгээд хэсэг хугацааны дараа тавиур хоосон болсныг хараад сэтгэл нь их баяртай болсон. Энэ мэт заримдаа өөрт байгаа нөхцөл байдалдаа төвлөрөхийн  оронд гадагшаа харах нь их тустай байдаг.

Та монгол хэлийг маш сайн эзэмшсэн. Бас Испаниар ч ярина. Гэртээ байх хугацаанд аль хэлээр хоорондоо ярьдаг вэ?

Хольж хутгаад л ярина. Бараг хамгийн их Монголоор ярьдаг нь би байж магадгүй. Хэтээ /нөхөр/ надтай Англиар ярьж байхад би өөдөөс нь Монголоор хариулах жишээтэй. Хүүхдүүд энд ирснээс хойш илүү Монголоор ярьж байгаа нь ажиглагдсан. Ялангуяа манай том охин Монголоор ярих их дуртай, монгол бичиг сурах хүсэлтэй байгаа. Хэл сурна гэдэг ямар том давуу тал бас шагнал байдаг юм бэ гэдгийг би Америкад ирснээрээ илүү сайн ойлгож байгаа. Монгол хэл сурсан минь надад Монголд байх хугацаанд маш их хэрэг болж байсан.  Америкад 2-3 хэлтэй хүн ховор байдаг юм байна. Одоо бол испани хэл их хэрэг болж байна. Орчуулга хийх, багшлах гээд ажил тасрахгүй. Ажилгүй сууна гэж лав байхгүй юм байна. Боломжтой бол англи хэлээс гадна хүүхдүүд дахиад нэг өөр хэл сурвал их хэрэгтэй. Энэ сул цагийг ашиглаад шинэ хэл сурч бас болох юм. 

Таньд маш их баярлалаа.

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу