Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Харвардын төгсөгч, MCN Консалтинг группын үүсгэн байгуулагч Б.Мөнхнямтай /Mogi Baatar/холбогдлоо. Тэрээр хувиасаа болон өөрийн компанийн зүгээс Ковид19 нөхцөл байдлын улмаас хүнд байдалд орсон монголчуудад туслах, хүндрэлийг даван туулах гарц, арга замыг хайх зэрэгт идэвх санаачилга гарган ажиллаж байна. Хямралын үед санхүүгээ хэрхэн зохицуулах, энэ үед хувийн сууц байшин худалдаж авах нь зөв үү, юуг анхаарах ёстой зэрэг бусад асуудлаар ярилцлаа. 

Таны анхаарлаа хандуулж байгаа асуудлын нэг 10,000 гарын үсэг цуглуулах аян хэр ахицтай явж байна. Гарын үсэг бүрэн цуглалаа гэхэд байрны түрээс чөлөөлөх боломж, ландлорд-д байгаа юу?, тэд бас алдагдалд орно, ямар гарц байна гэж та харж байгаа вэ? 

Бид бүгд мэдэж байгаа өнөөдөр олон сая хүн ажилгүй, орлогогүй болж, юун түрүүнд орон гэргүй болох, байрныхаа түрээсийг төлж чадахгүй болох нөхцөл үүсээд байгаа. 10,000 хүний гарын үсэг цуглуулах ажил 30 хувьтай байна. Asian American Association-тэй хамтраад Вержиния мужийн ландлорд-д /түрээсийн сууцны эзэд/ үндсэн гурван шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна. 

1-рт Гэрийн хорионд байх хугацаа буюу 6-р сарын 10-наас хойш төлбөрөө төлөөгүй 1 сарын хугацаанд байрнаас хөөх хуудас өгөхгүй байх

2-рт 1 сарын хугацаанд байрны төлбөрөөс чөлөөлөх 

3-рт Оршин суугчийн орлогоос шалтгаалаад байрны төлбөрийг багасгах,  50 хувь орлогоо алдсан бол түрээсийг 50 хувиар багасгах. Мэдээж хэрэг ландлорд мужийн захиргаанаас тусламж, тэтгэлэг авч байж энэ ажил бүтнэ. Хоёр их наядийн төсөв батлагдаж эхнээсээ олгогдож байгаа. Муж бүр хэрхэн хуваарилах нь өөрсдийнх нь эрх. Бид нар юу гэж харж байна вэ гэхээр мужийн зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулж, ландлорд-д, дэмжлэг үзүүлснээр ядарсан иргэдэд тулсах бодот боломж нээгдэнэ гэж харж байгаа. Үгүй юмаа гэхэд одоогийн үйлчилж байгаа татварын хуулийн дагуу, жилийн эцэст татварын алдагдал зарласан тохиолдолд, өөрөөр хэлбэл  оршин суугчид төлбөрөө төлж чадаагүйн улмаас компани алдагдалтай ажиллаа гэхэд хуулийн дагуу засгийн газраас 250-500 мянган ам долларын нөхөн олговор авах эрхтэй байдаг. Энэ мэт боломж байгаа гэж харж байна.  Эхнээсээ хөөгдөх бичиг аваад надад хандсан  5-6 өрхөд боломж чадлаараа тусалсан. Сүм цуглаан, найз нөхөдтэйгөө холбож, нэг сарын түрээс төлөх, түр байрлах газар олж өгөх зэргээр хэр чадлаараа хичээсэн. Гэвч ганц би хэдэн хүнд туслах билээ, бидний өргөдөл, санаачилга амжилт олвол олон хүнд тус хүргэх юм даа. 

Өмнө нь тохиож байсан томоохон санхүүгийн хямралын үед та АНУ-д ажиллаж амьдарч байсан, өөрөө бас санхүүгийн салбарын хүний хувьд асуухад өнөөдөр нүүрлээд байгаа энэ хямрал эргэж сэргэхэд ер нь хэр хугацаа шаардах бол?

Өнөөдрийн байдлаар 17 сая хүн ажилгүй болсон дүн мэдээ байна. 20 сая болж нэмэгдэх тооцоо байгаа. 20 сая хүн бараа худалдан авах, гадуур хооллох, амралт зугаалгад явах байдал зогслоо гэсэн үг. Дээр нь маш олон хүмүүс хөрөнгийн биржээс их хэмжээний мөнгө алдсан. Тэр хүмүүс бас мөнгөний зарцуулалтдаа хязгаарлалт хийнэ. 2008 оны хямрал эргэж сэргэхэд дөрвөн жил зарцуулсан. Гэтэл энэ удаагийн хярмал 2008 он, 9 сарын 11 ны үеийн хямралаас ч хүнд байдалд байгаа. Эргэж сэргэхэд маш их хугацаа хэрэгтэй. АНУ засгийн газраас хоёр их наядын төсөв гаргалаа, эдийн засгаа эргэлтэд оруулах, яаралтай арга хэмжээ авч байгаа ч мөнгө хэвлэхээр яадаг билээ, инфляция өснө. Гэхдээ мөнгөн туслажийн 45 хувь нь бизнесийн сектор руу орсон. Хүмүүсийн гар дээр мөнгө тараахаас илүү хэрэгтэй салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайн хэрэг. Жижиг дунд бизнесийнхэн мөнгө авлаа гэхэд архидаад алга болно гэсэн ойлголт байхгүй, 10 мянган доллар авсан бол яаж 11 болгох уу яаж 12 болгох уу гэж боддог учраас эдийн засаг эргэж сэргэхэд их нөлөөтэй шийдвэр гэж харж байгаа. 

Та болон танай компанийн зүгээс боломж хэрээрээ энэ хүнд үед Монголчууддаа туслах, санхүүгийн зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байгаа. Энэ тухайд?

Миний хувьд санхүүгийн удирдлагаар сүүлийн 20 жил ажилласан. Гурван жилийн өмнө MCN Консалтинг группыг эхлүүлж ихэвчлэн Америк компаниудтай хамтран ажиллаж үйлчилгээ зөвлөгөө өгч байна. Өнгөрөгч оноос монгол компаниудтай хамтран ажиллаж үзлээ. АНУ-д байгаа монгол компаниуд голдуу жижиг бизнес эрхэлдэг, марктингийн алба гэж байхгүй, бор зүрхээрээ, алдаа онооноосоо суралцаад явдаг. Тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ маш их хэрэгтэй. Ялангуяа энэ санхүүгийн хямралын үед хэрхэн ажиллах, үйлчлүүлэгчээ алдахгүй байх тал дээр юуг анхаарах вэ гэдэг дээр бидний зүгээс туслах зорилгоор Санхүүгийн менежмент, Стратеги, Марктинг гэсэн чиглэлээр видео хичээл долоо хоногт нэг удаа гаргаж байхаар бэлтгэж байна. Энэ талаар маш олон асуулт ирж байгаа учраас бүгдэд зэрэг хүрэх зорилгоор видео хичээл хийе гэж шийдсэн.  Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр цацагдаж эхэлнэ. Бизнес эрхлэгчид, мөн бизнесийн чиглэлээр сурч байгаа оюутнууд үзэж болно. Өнгөрөгч онд АНУ-ын зарим хотуудаар явж монгол компаниудад энэ чиглэлийн сургалт хийж үзсэн.  АНУ-д байгаа бизнесээ дэмжих тэднийг чадавхжуулах тал дээр ажиллах шаардлага маш их байгаа нь анзаарагдсан.

Хувь хүний хувьд санхүүгээ хэрхэн зарцуулах ялангуяа хямралын үед үл хөдлөх хөрөнгө худалдан авах, машин тэргээ солих зэрэг том наймаа хийх нь тохиромжтой цаг мөн үү?  

Гэхдээ энэ газар газраасаа шалтгаалж байна. Би өөрөө бас хаус авах гэж сүүлийн хэдэн сар мэдээлэл харж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэ бага зэрэг унаж байгаа учраас тэр хөдөлгөөнийг ажиглах нь зөв. Ер нь хаус авахад анхаарах ёстой гурван хүчин зүйлийг би хэлж өгье. 

1-рт Хүү, Монголчуудын нийтлэг гаргадаг алдаа бол зээлийн хүүг анзааралгүй сард төлөх төлбөрийн хэмжээ бага гарч байгаа дээр түшиглээд худалдан авалт хийх тохиолдол байдаг. Мэдээж хэрэг хүү өндөр байгаад хугацааг урт сунгах юм бол сарын төлбөр бага л гарна. Энэ тохиолдолд урт хугацааны туршид хүүнд маш их мөнгө төлж байна гэсэн үг. Тэгэхээр хүүг бага байлгах, бууруулахад анхаарах хэрэгтэй байдаг.  

2-рт Кредит оноо. Кредит оноо ямар байхаас хүү дээшээ доошоо байх уу гэдэг шийдэгдэнэ. Тиймээс кредит оноо тааруу байгаа бол нэг хоёр сар хүлээгээд оноогоо нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нь дээр. Кредит оноо өндөр болсны дараа, хүүгээ багасгаад хаусаа хамаагүй хямдханаар авах боломжтой. 

3-рт Хаусын үнэлгээ. Сонирхож байгаа байшингаа яг адилхан  байшинтай харьцуулж үзэх хэрэгтэй. Таны сонгосон хаус ижил хаус-аас заавал хямд байх ёстой. Тэгж байж худалдаж авсан байшин ирээдүйд үнээ хадгалдаг. Тухайлбал яг адилхан байшин 8 доллар байхад та 10 долларын байшин худалдан авч болохгүй. Шалыг нь янзлаад, бага зэргийн засвар хийгээд үнэ нэмж зардаг. Дотор засал чимэглэл, багахан өөрчлөлтөд хууртаад өндөр үнээр авчихдаг тохиолдол байдаг. Гэтэл ирээдүйд тэр байшин дотор засал чимэглэлээс үл хамаараад ойр орчимд байгаа нэгдсэн үнэлгээний дагуу зарагдана. Тиймээс дундаж үнэлгээнээс давсан үнэтэй байшин авч болохгүй. Өнөөгийн нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн хувьд үнийн уналтын хөдөлгөөнийг сайн ажиглаж байж, шийдвэр гаргах нь зөв, бусад хэрэглээг бол танаж, мөнгөө хямгаддаг цаг гэдгийг хүн бүр ойлгож байгаа. Хэрвээ цаг завтай байгаа бол оюуны хөрөнгө оруулалт хийж болно. Сурах юм юу байна. Эрэл хайгуул хийж өөрийгөө хөгжүүдэг цаг.  Ялангуяа оюутнууд сурч байгаа мэргэжлийнхээ дагуу онлайнаар сайн дурын  ажил хийж болно.  Дараа ажилд ороход мэргэжлийнхээ дагуу ийм ийм газруудад тэдэн цагийн сайн дурын ажил хийсэн гэдэг мэдээлэл маш их хэрэг болдог.

Танай дээр дадлага, сайн дурын ажил хийх боломж байгаа юу? 

Байгаа, ганцхан манай дээр гэлгүй үйлчлүүлэгч байгууллагууд дээр хүртэл бид зуучилж өгч болно.  Бизнесийн удирдлага, санхүү марктинг чиглэлээр сурч байгаа бол онлайнаар дадлага хийх өргөн боломж бий.

АНУ-д гацсан Монголчуудын хувьд таньд хандсан хүмүүс байна уу? Тэдний нөхцөл байдлын талаар таны бодол? 

Үнэхээр хэцүү байдалтай байгаа хүмүүс их байна. Монголд өр шир тавиад ирчихсэн, их л удлаа гэхэд нэг сар байна гэж төлөвлөсөн хүмүүс, ингээд 2-3 сараар гацчихсан цаашид яах нь тодорхойгүй байдалтай байна. Зарим хүмүүсийн бодож байгаа шиг баян тансаг бололцоотой хүмүүсийг би лав мэдэхгүй. Азаар виз нь гарчихсан, ийм нөхцөлд ирэхээс өөр аргагүй байдгийг бид бүгд мэднэ. Зарим нь эмнэлэгт үзүүлэх гэж ирсэн хүмүүс байна, үзүүлсэн ч юмгүй, бүх газар хаагдчихсан, эм тариа нь олдохгүй, дээрээс нь энд амьдрах өртөг өндөр гээд олон бэрхшээл байна. Оюутнуудын хувьд бас байдал үнэхээр хүнд. Хичээл нь онлайнаар явж байгаа учраас төлбөр төлөх ёстой. Өдөр шөнөгүй ажил хийж сургалтын төлбөрөө хийдэг байсан хүүхдүүд одоо ажилгүй, төлбөр байтугай, байрныхаа мөнгийг төлж чадахгүй, буцаж болдоггүй ийм байдалтай байгаа. Ди Си-гийн онгоцны буудлаас нэг охин над руу мессэж бичсэн байсан. Онгоцны буудал дээр  хоёр хоночихсон, мөнгөгүй, үнэн байдлаа ах дүү, найз нөхдөөсөө нуучихсан ийм байдалтай 20 настай жаахан охин над руу хандсан. Би өөрийн найзаасаа тусламж хүсээд түр зуур гэрт нь байлгаж байгаа. Гацсан гээд байгаа хүмүүс ийм л байдалтай байна шүү дээ. Уг нь бид ийм байдалд орохгүй байж болох байсан. Гадны улс орнууд яаж ажилласан бэ? Вирус гараад хоёр долоо хоног болж байхад АНУ гадаадад байгаа иргэдээ тухайн улсад байгаа элчин сайдын яамаараа дамжуулаад аль хэдийн татаад авчихсан. Энэ тухай зурагт, олон нийтийн хэрэгслээр хүртэл гарч байсан. Дотор байгаа иргэддээ хүртэл одоо та нар гадагшаа явбал өөрсдийн чинь хариуцлага болно шүү гэдгийг аль эрт анхааруулж байсан. Харин манайхан хэзээ хойно ингээд асуудал болгож, талцаж хуваагдаж байгаа нь  дэндүү хугацаа алдсан хэрэг болж байна. Засгийн газар энэ хариуцлагаа үүрч, иргэдээ боломж бололцоогоо ашиглаад татаж аваасай л гэж хүсч байна. 

Танд баярлалаа. 

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу