Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хойт америкийн Цахим өртөөний "Манайхан" сайтын Номын өргөөнд өнөөдөр Канад улсад суугаа, доктор Цэрэндагвын Наранцэцэг уригдан оролцож байна.

Сайн байна уу? Сайхан зусаж байна уу? Танай Канадаар цагийн байдал тайван байна уу? Өөрийг чинь манай Удирдлагын академид докторын зэрэг хамгаалснаас хойш хэсэг холбоо тасарснаа хоёр жилийн өмнөөс сураг ажгаа гарган харилцаж, ном мэдээлэл солилцож байгаа билээ. Канадын монголчууд гэхээр нүүр номын ALL MONGOLS бүлэг, Америкийн нэрт эрдэмтэн Ж. Kуртины "Монголчуудын түүх" бүтээлийг орчуулан хэвлүүлсэн тухай санаанд эхэлж буудаг. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?

Cайн сууж байна уу Та? Суугуул нутаг Канадаар амгалан тайвандуу, сайхан зун болж байна. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Канад-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож, хэцүү нэрт өвчнийг арилгах, ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүрээлэн буй орчноо хамгаалах, инновацын чиглэлээрх асуудлаар хэлэлцсэн байна лээ.

Дэлхийн түүхнээ нэр, мөрөө тодоор үлдээсэн монгол үндэстэн, угсаатны өргөн их мөрийг өдгөө цагийн үүднээс mongol identity буюу монгол танигдлын үүднээс соёл түүхийн онцлог баян өнгө аясаар туурга нэгт монгол түмнийхээ оюун мэлмийд өргөн толилуулахын хичээлээр нүүр номын All Mongols хуудас маань үүсэн байгуулагдаад төдий удаагүй хэдий ч монгол залуусын дэмжлэг тусаар өдий хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Манай групп та бүхэнд үргэлж нээлттэй, хамтран ажиллах зорилго нэгтнүүдээ байнга урин залж байгаа шүү. Бидэнтэй нэгдэж түүх соёлоо үр хойчдоо түгээн дэлгэрүүлэх их үйлст хамтрахыг хүсвэл https://m.me/moncouver холбоосоор орж нэгдээрэй гэж уриалъя.

1908 онд АНУ-д анхлан хэвлэгдсэн Ж. Kуртины энэхүү түүхэн бүтээл нь АНУ-ын Ерөнхийлөгчийн өмнөтгөл үгтэйгээр уншигч олны гарт очсоноос хойш нэгэн зуу гаруй жилийн хойно эх монгол хэлээр 2018 онд анхлан гарч, сая 2019 онд ахин хэвлэгдсэн. Орчуулагч Л.Ринчин тэртээ хорь орчим жилийн өмнө МУИС-ын сэтгүүлд уг номын зөвхөн өмнөтгөл үгийг нь орчуулж нийтлүүлсэн юм билээ. Гол орчуулга нь Канадын Ванкүүвер хотноо хийгдэж гүйцсэн байдаг. Ном орчуулах нэг хэрэг, орчуулсан бүтээл нийтэд хүргэнэ гэдэг олны хамтран зүтгэх ажил байдаг юм байна. Үндэстний түүх соёлыг үнэн мөнөөр түгээх нөр их ажлыг нэг хоёр хүмүүн яахан барах, олны хүч дэм зайлшгүй хэрэгтэй. Энэхүү бүтээлийн цуврал дэвтрүүд бас бий. Ном бүтээл, судалгааны ажил гэдэг бол хувь хүний хүсэл сонирхол гэхээс илүү нийгмийн хариуцлага гэж ойлгодог. Энэ үүднээс уг номын мөрөөр олон сайхан хүмүүстэй цааш цаашдаа хамтран ажиллах өргөн боломж бий гэдэгт итгэж байна.

Орчуулагч Лонжидын Ринчин уг номыг эх хэлнийхээ тансаг өгүүлэмжээр буулгахдаа Куртины бичсэнийг Монголын Нууц Товчоо болон түүхийн бусад эх сурвалжтай харьцуулан, эрдэм шинжилгээний 748 зүүлт, тайлбар хийсэн гэж доктор М.Саруул-Эрдэнэ онцолсон. Уг номоос “анд”, “нөхөр” гэдэг хоёр үгийн ялгааг би лав мэдэж авсан. Энэ номын орчуулгын редакторын хувьд ийм жишээ, тайлал олныг дурдаж болно биз?

Ts Narantsetseg 1Манай түүх соёлын нэртэй эрдэмтэд, судлаачид Л.Ринчингийн Монголчуудын түүх нь орчуулгын ном гэхээс илүү сурвалж судалгааны бүтээл гэж дүгнэсэн байсан. Харин уншигчид хүлхэж уншдаг ном гэсэн. (инээв.) Сурвалжилж мэднэ, мэдсэнээ бусадтайгаа хуваалцана гэдэг судлаачдын жаргал биз ээ. Номыг хянаж, үйлдвэрт үсэг өрөгдөж байх үед энэ ном “ Монголчуудын их түүхэн мөр” гэдэг нэртэй байсан юм. Түүхч, профессор З.Лонжид гуайн зөвлөснөөр хэвлэлийн явцад “Монголчуудын түүх” нэрээр хэвлэгдэж гарсан гэх мэтээр мэргэдийн зөвлөгөө заавар дор олон хүний дэм дэмжлэгээр цаанаас бүтсэн гэж хэлэх нь зүйд нийцэх байх. Тайлбар зүүлтийн хувьд санал нэг байна. Сурвалж судалгааны эшлэл, зүүлт маш их ач холбогдолтой л доо. Жишээ нь, МНТ-нд дурдагддаг “алтан ундаа”, “Бурхан Халдун” гэх мэт нэрсийн тайлбараас гадна монгол цэргийн дагуулан оруулсан газар орон, улс нутгийн нэр, газарзүйн байршил, хаад ноёдын суурин суусан он жилүүд, гадаадын монгол судлаачдын ном товхимлоос эш татан оруулсан олон зүйл бий. Нөгөө талаар энэ бүхэн нь өнөөгийн бидэнд өвөг монголчуудынхаа түүхэн жимээр төөрөлгүй аялах аятай боломж юм даа. Залуу аялагчид өвөртөө хийгээд өргөө гэрээс мордоход түрдэлгүйхэн Азиар аялаад ирнэ дээ.

Дашрамд дурдахад миний бие гэр бүл, улс гүрэндээ монгол хатдын гүйцэтгэсэн үүргийн түүхт уламжлалыг XIII зууны үеийн сурвалжуудад тулгуурлаж бичсэн судалгааныхаа үндсэн дээр 2006 онд МУИС-ын Бурхан шашны болон монгол соёлын сургалт судалгааны төвөөс зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд “Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн түүхэн уламжлал орчин үеийн эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилттэй холбогдохуй” илтгэл хэлэлцүүлж байлаа. Ер нь Чингис хааны хувьд Бөртэ хатны шийдвэр ихэд нөлөөтэй байсан ба түүний ижийнх нь сургаал айлдал их хааны ертөнцийг танин мэдэхүйн ухамсарт асар хувь нэмэртэй асан тухай олон судлаачид өгүүлсэн нь цөөнгүй бий. Монголчуудын түүх бүтээлийн энэхүү орчуулгаас монгол өвгөдийн гүн бодлого, төр барих аугаа суртлыг танин ойлгохоос гадна өвөр зуурын өчүүхэн шунал, эрх мэдлийн ашиг сонирхлын улмаас улс даяараа сүйрэн унасныг Сартуул улсыг мөхөөсөн нь хэмээх Зургаадугаар бүлэгт өгүүлэх Мухаммед шах ба түүний эх Турхан хатны өш тэмцлээс бэлээхнээ харж болно.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүмо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалаас залууст зориулаад ямар номыг заавал уншаарай гэж захих вэ? гэсэн асуултад “Нэг ном уншаад талдаа орж байна. Канадад байгаа Монгол залуус 112 жилийн өмнөх Монголчуудын түүхийг бичсэн тэмдэглэлийг номын сангаас олоод, Монголын нууц товчоотой харьцуулан орчуулж гаргаад надад илгээсэн. Эх түүх болсон нууц товчоогоо ойрд уншаагүй байсан юм. Энэ номыг ["Монголчуудын түүх" Орч Л. Ринчин 2018] уншаад их сайхан байгаа. Иймээс түүхээ сайн унших ёстой юм байна шүү гээд би дахин дахин хэлээд байгаа юм. Түүхэн дээр бидний өвөг дээдсийн гаргаж байсан бүх алдаа, оноо гарч ирдэг” гэж хариулсан байдаг. Энэ номыг монголчууддаа, нийтэд хүргэхийн тулд яаж ажиллав?

Бид эхний хэвлэлтээ Монголын эрдэмтэн судлаачдад үнэгүй түгээснээс гадна дэлхийн монгол судлалын номын сангууд, АНУ баруун эрэг, Европын улс орнуудын элчин сайдууд, монгол уншигчдадаа номын дээжээс чадах ядахаараа хүргэсэн. Анхдугаар хэвлэлийн ном ингэж дуусаад байтал уншигчдаас дахин хэвлүүлэх хүсэлт ирснээр ахин хэвлэлтийн дээжийг Хакухо Даваажаргал аваргад илгээсэн нь тэр л дээ. https://www.facebook.com/moncouver/posts/1491237494374215?comment_id=1491906277640670

Бид өдий хүртэл энэ бүхнийг өөрсдийн нөөц болгож ирлээ, цаашид энэ ажлыг дангаар хүчрэхгүй тул сайн дурын бүлэг, гишүүд, түншлэн дэмжигч байгууллагууд, сэтгэлт хүмүүсийн тус дэм их хэрэгтэй байна даа. Уншигчдын хүсэлт, зөвлөгөө, санаачилгыг https://www.facebook.com/moncouver хуудсаар хүлээн авна. Уугуул эх орныхоо уншигчдад бүрэн хүргэж чадаагүй л байна.

Цагийн аяс аятай сайхан болохоор номын мөрөөр уулзах байх аа.

Наранцэцэг доктор номтой анхлан танилцсан бага насныхаа дурсамж, сургамжаасаа хуваалцах уу.

Ts Narantsetseg 2Баярлалаа багш аа. Сайхан асуулт байна аа. Миний бага насны унших дуртай байсан ном зохиол гэхээр хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Норовын намтар”, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Монгол үлгэрийн ном зэрэг л санаанд бууж байна. Тэр үеийн пионерын зөвлөл, бүлгэмийн ахлагч нар давхар цэнхэр эмжээртэй улаан бүч зүүж, ихэнх нь номын сайн нөхөр тэмдэгтэн байсан даа. Номын сангаас номоо авч тэмдэглэл хөтлөөд буцаахдаа эргээд цүнх дүүрэн номтой эргэж ирнэ. Аав минь орон нутагт удирдах ажил олон жил хийж байсан учраас хол ойр томилолтын ажлаар яваад ирэхдээ нэрс жимс, ном л их авчирдаг сан. “Цог” сэтгүүлийн дугаар бүрийг алдалгүй захиалж уншдаг байсан. Жимсээ аягалж аваад ногоон зүлгэн дээр номоо уншаад суух нь хүүхэд насны жаргал байлаа. Цагаан толгой үзэж байхдаа “Хав” гэснийг “Гөлөг” гэж уншаад л, аав минь энэ янзын хүүхэд шүү гээд л толгойг минь илж байсан нь миний анхны уншсан үг юм уу даа. Манай гэрийн номын санд аавын авчирсан “Тооны тайлбар” гэж маш гоё ном байсан. Тоог тоогоор боддоггүй, зураглалаар бодох аргачлалын тэр ном миний хайртай ном минь байлаа. Намайг зуны зуслан яваад ирсэн хойно мөнөөх ном маань гэрээс олдохоо байж, ор сураггүй болсон доо (инээв). Аав бас Намын дээд сургуульд сураад ирэхдээ “Орос хэлний сурах бичиг” гэх бичгийн машинаар цохисон хоёр дэвтэр цагаан цаасан хавтастай сурах бичиг авчирсан юм даг. Хожим мөнөөх сурах бичгээ гаргуун уншиж судална гэж байсан ч амжаагүй.

Яг одоо таны ажлын ширээн дээр ямар номууд байна. Тэдгээрийг хэрхэн ашиглаж байна?

Миний өөрийн судалгааны бүтээл “Тасралтгүй цагийн үргэлжлэл” нөгөөх нь The Natural Bliss of Being by Jackson Peterson, Working with differences communities by Ann Schauber, The ultimate visual guide to successful management зэрэг ном байна. Амжуулаад суугуул хотынхоо нийтийн захиргааны чиглэлээр ажиллах санаагаар эмэгтэйчүүдэд ээлтэй хотыг бүтээхүй стратеги баримт бичиг дээр санал бичиж байгаа. Удирдах зөвлөлийн баг бүрэлдэхүүнд багтдаг учраас заавал бичих үүрэгтэй юм. Нийтийн захиргааны судалгааны ажлаа арвижуулах, туршлага судлах, бусад орон улсын мэргэжилтнүүдээс суралцах боломж юм даа. Иргэний нийгмийн үзэл баримтлалыг боловсруулах, түүний төртэй харилцах харилцан холбоог шүтэлцүүлэн тодорхойлоход өрний олон эрдэмтэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэдний судалснаар иргэний нийгэм дотроо ялгаатай олон ургалч үзлийг бий болгодог бөгөөд сонирхлын олон талт байдлыг зохицуулахын тулд төрд бүх нийтийн сонирхлыг илэрхийлж шийдвэр гаргах чадвартай институцын тухай бичсэн судалгааны ажил бий. Иргэний нийгэм дотроо ялгаатай олон ургалч үзлийг бий болгодог бөгөөд сонирхлын олон талт байдлыг зохицуулахын тулд төрд бүх нийтийн сонирхлыг илэрхийлж шийдвэр гаргах чадвартай субъектийг бэхжүүлэх гэх мэтээр удирдлага менежментийн гарын авлага, бичил судалгааны бүтээлүүдээ эмхэтгэх санаа байна.

Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн ном гэвэл ямар номыг нэрлэх вэ?

Би ном уншдаг хүмүүсийн дэргэд ном уншдаггүй хүний тоонд орох юм билээ. Багаасаа бор өвгөдийн яриа цуглуулж явах, будагтай модон шогол доторх номыг шохоорхох л сонин сайхан санагддаг. Ямартаа ч бидний мэддэг “ном” гэгч нь хуудас цаасны хэвлэл гэхээсээ хүмүүн оюуны ховорхон гялбаа гэдгийг бүүр түүр гадарлахын хувьд түвд хэл дээрх сургаал номлолтой ойр явсандаа талархдаг. Бидний түүхэнд уламжлалт суртал, үнэт сургаал аль аль нь байдаг. Ер нь хувь хүн бүр хорвоогийн амьд ном мөн гэж боддог. Тийм болохоор хамгийн их нөлөөт ном гэвэл хүн ном л гэж хэлье дээ. Тэр олон сайхан номын хуудаснаа гавьяат хуульч Д.Чимэд, төвдөч эрдэмтэн Л. Хүрэлбаатар, номын багш Ш. Сонинбаяр, яруу найрагч О. Дашбалбар, доктор, профессор Г. Чулуунбаатар нарын эрдэмтэд багш нар минь тодхон бий.

Яг одоо уншиж байгаа номоо танилцуулах уу? Юун тухай өгүүлэх юм?

Танин мэдэхүйн чиглэлээр The Natural Bliss of Being гэж ном байна. Jackson Peterson гэх хүн бичжээ. Буддын гүн ухаан мэт харагдавч хүний уг мөн чанарын эрэл хайгуулыг дотоод ухамсрын үүднээс тэмтэрсэн ном юм.

Та хэдэн хэл дээр ном уншдаг вэ? Унших номоо хэрхэн сонгодог вэ?

Би олон хэлтэй хүн биш. Ер нь хэл сурна, хэлийг доторлох тун өөр хэрэг байх аа. Өөр хэл дээр зүдэж уншдаг өөрийн хэл дээр жаргаж уншина. Би нэг их ном хайж сонгоод, хураагаад явах зав байдаггүй номд сонгогддог гэх үү дээ. Ном худалдаж авах онцгой тохиолдол гарвал номын уншигчдын сэтгэгдлийг харна, басхүү ганц хуудсанд хайсан мэдээлэл минь байвал шууд худалдаж авах тохиолдол байдаг. Ном жинхэнэ эзнээ өөрөө олж очдог байх, зарим ном надад олдоггүй юм.

Та мэргэжлийн болон уран зохиолын номыг хэр хурдан уншдаг вэ? Та уншсан номдоо тэмдэглэл хөтөлдөг үү?

Судалгааны ажилд хэрэглэгдэх бүтээлүүдийг унших шаардлага их гардаг. Хурдан гүйлгэж унших, дүгнэлтээс задаргаа руу эсвэл огт өөр салбарын номтой зэрэгцүүлж уншина. Миний хэт сониуч байдалтай минь холбоотой сул тал байх. Мэргэжлийн талын эрдэм судлалын ажлаа байнга тэмдэглэл хөтөлдөг. Одоо slack, google drive, notes олон янзаар гарчихсан бүр хялбар болсон доо. Үзэл бодол, сонирхлоороо нэгдээд уншиж болдог цаг үед амьдарч байна. Би ном дээр хайр найргүй бичиж тэмдэглэгээ хийж чаддаггүй юм. Төвдөч эрдэмтэн Ч.Хүрэлбаатар багш А4 хэмжээтэй цаасыг дөрөв хувааж зүсээд, цааснуудаа үдээд тэмдэглэл хөтөлдөг байсан. Багшаас тэр байдлыг үлгэрлэж авсан гэх үү дээ.

Монгол хүний унших ёстой таван ном гэвэл Та ямар номуудыг нэрлэх вэ?

Энэ тухай ер бодож байсангүй шүү. Галийдасийн Үүлэн зардас, Ли Бай шүлгийн түүвэр, Бодь мөрийн зэрэг, Дандины Зохист аялгуу, Шекспирийг заавал унших хэрэгтэй байх. Ц. Дамдинсүрэн гуайн Монгол ардын аман зохиолын дээжис бичиг хэмээх номыг мэдэж унших хэрэгтэй байх. Аан тийм “Монголчуудын түүх” номоо нэрлэж болох уу.(инээв.)

Ер нь ном, ном унших гэж юу вэ? Өөрийнхөө үгээр тодорхойлон хэлнэ үү.

Дэлхийн олон номын сангаас миний өвгөдийн шаргалтах судрыг гүйцэх ном байхгүй. Ном уншина гэдэг хүн өөрийгөө олж танихын нэр байх аа. Ном ертөнцийг харах цонх мөн гэдгийг өөрийгөө тусгаж таних толь мөн гэж хэлмээр юм байна. Өвгөдийн чинь авдарт ном байхгүй бол цусанд чинь өгөгдөл байгаа түүнийгээ л олох хэрэгтэй, тэр бол таны ном.

Яриа хөгжөөсөн Пүрэвийн Увш (АНУ, Индиана, Блүүмингтон - Канад, Ванкүүвэр)

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу