Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн сагсан бөмбөгийн холбоо( USA Basketball) болон "NIKE" компаниас жил бүр зохион байгуулдаг залуучуудын (19 хүртэлх насны) "Бүх оддын" тоглолт гэгддэг "Nike Hoop Summit-2022"-д Монголын сагсчин Шаравжамцын "Майк" Энхийн-Од Дэлхийн шигшээ багт уригджээ.

Nike Hoop Summit нь 1995 онд анх зохиогдож эхэлсэн, 27 жилийн түүхтэй тоглолт. АНУ-ын шигшээ баг болон Дэлхийн шигшээ багууд халз тоглодог бөгөөд дэлхийн шигшээ багийг улс улсын тоглогчдоос сонгон бүрдүүлдэг уламжлалтай.

Энэ тоглолтыг NBA -ийн болон NCAA -ийн олон арван скаутууд зорин ирж, өсөх ирээдүйтэй, авьяаслаг тоглогчдыг "онилоод" буцдаг гэдэг.
Тэгэхээр мэргэжлийн хамгийн нэр хүндтэй лигийн болоон оюутны лигийн багуудад зуучлагчдад ёстой юу чаддагаа харуулахыг залуу сагсчид хичээдэг, том боломжийг алдахгүйг хүсдэг ийм л чухал ач холбогдолтой тэмцээн, тэдний хувьд.

"Nike Hoop Summit" -д оролцож байсан тоглогчдоос 240 ( АНУ-ийн багаас 163, Дэлхийн багаас 77) залуу NBA-ийн драфтад( үүнээс 178 нь драфтын нэгдүгээр раундад) бичигдэн, мэргэжилд орж байсан бөгөөд Дирк Новицки, Тони Паркер, Кевин Гарнетт, Монта Эллис, Жермайн Л'Нил гээд олон олон суперууд эндээс " төрж" гарсан гээд л бод доо!

За сүүлийн үеийнхнээс гэхэд л Никола Йокич, Жоэл Эмбийд, Эндрю Уиггинс, Бен Симмонс, Энтони Дэвис гээд дурьдаад байвал барагдахгүй дээ.
Ийм л наадамд Монголын сагсчин хүү маань анх удаа оролцох нь.

"Nike Hoop Summit" 2020,2021 онд цар тахлын улмаас зохиогдоогүй. Тиймээс ч шинэ залуу тоглогчдыг эрэлд хатсан скаутууд "шижир алт" шүүрч авахаар тэсч ядан энэ жилийн тоглолтыг хүлээж байгаа.

"Найк" компанийн төрөлх муж Орегонд, тухайлбал Портленд хотын "Moda Center" ( НБА-ийн "Портленд трэйл блэйзерз" багийн "гэр")ордонд 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд Nike Hoop Summit тоглолт болох юм.

Энэ жил 19 настай Шаравжамцын Энхийн -Од нь АНУ-ын Охайо мужийн Дэйтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцан, тус сургуулийн сагсанбөмбөгийн багт тоглох урилга аваад байгаа бөгөөд энэ оны эхээр спортын алдарт суваг ESPN -ээс нэрлэсэн АНУ-ын ахлах сургуулийн 2022 оны төгсөлтийн 100 шилдэг сагсагбөмбөгчинд нэрлэгдэж байсан билээ.

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу