Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн баруун бүсийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Pyramid cup" буюу "Цац суврагын цом" уламжлалт тэмцээн эхэллээ. Америкийн монголчуудын хөлбөмбөгийн холбооны хуанлийн албан ёсны тэмцээний хоёр дахь тэмцээнд зүй ёсоор тооцогддог "Пирамид кап" энэ жил 10 дахь удаагаа зохиогдож байна. Тиймээс ч тэгш ойн тэмцээнээ нээлттэй хийж, баруун бүсийн багууд анх удаагаа бас оролцон, нийтдээ АНУ-ын Чикаго, Сан Франциско, Нью Жерси, Вашингтон Ди Си зэрэг томоохон хотууд, Калифорниа, Иллинойс, Нью Жерси, Мэриланд, Вашингтон Ди Си мужаас Монгол, Халимаг, Буриадын 13 багийн хөлбөмбөгчид насны хоёр ангиллаар өрсөлдөж байгаа юм.

Энэ сайхан тэмцээнийг санаачлан зохион байгуулагч, 100 хувь санхүүжүүлэгч, харь оронд амьдарч буй элэг нэгтнүүдийнхээ дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлж, хүүхэд залуучуудад үнэлж баршгүй "хөрөнгө оруулалт" хийж буй сайхан үйлсийн эзэд М.Дэлгэрцогт, Д.Өлзийхуяг нарын удирддаг "Пирамид гранит" компанийн хамт олонд баярлаж, талархсанаа энэ дашрамд илэрхийлье!

Саяхан ажил үүргээ хүлээн авсан Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцож, тэмцээнд оролцогчид төдийгүй тус улсад амьдарч буй бүх монголчууддаа амжилт хүсч, эв нэгдлийн чухлыг онцолсон.

Хоёр өдөр үргэлжилсэн хэсгийн тоглолт үнэхээр сонирхолтой өрсөлдөөнтэй болов. Ганц зүйлээр үүнийг тодруулахад сүүлчийн тоглолт дуустал аль хэсгээс ямар баг гарах нь тодорхойгүй, сүүлчийн тоглолтын дүнгээс багуудын хувь заяа шийдэгдэж байлаа. Тэмцээний тухайд жичид нь дэлгэрэнгүй мэдээлнээ.
Өнөөдөр (11.21) хагас шигшээ болон медалийн төлөө тоглолтууд явагдана.

Тэмцээний мастерс ангилалд Нью Жерси хотын Халимагын "Лотус" баг "А" хэсгийг тэргүүлэн хагас шигшээд "В" хэсгээс хоёроор шалгарсан Чикаго хотын "Могул" багтай , "В" хэсгийг тэргүүлсэн Сан Франциско Бэй Аэриагийн "Хүлэг" баг "А" хэсгийн хоёроор шалгарсан "Мон Юнайтед" багтай тоглоно.

Залуучуудын ангилалд "А" хэсгээс нэгээр гарсан Халимагын "Уралан" баг "В" хэсгийн хоёроор гарсан Вашингтон Ди Си хотын "Ди Си" багтай, "В" хэсгийг манлайлсан "Мон Юнайтед" баг "А" хэсгийн хоёроор гарсан Нью Жерсигийн "Жигүүр" багтай хагас шигшээд өрсөлдөх боллоо.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу